Thursday, March 19, 2015





Нэг хуудас бизнес төлөвлөгөө
Бизнес төлөвлөгөө ихэнх тохиолдолд хэрэгждэггүйтэй дийлэнх захирлууд, бизнес эрхлэгчид санал нийлдэг. Тэгэхээр яагаад гэдгийг ярилцъя.
Юуны өмнө бизнес төлөвлөгөөг яах гэж хийдэг вэ? гэдгээс эхэлье.
1.    Банкнаас болон бусад эх үүсвэрүүдээс зээл авах.
2.    Хөрөнгө оруулагч, эздүүдээс санхүүгийн дэмжлэг авах, хөрөнгө оруулалт хийх.
3.    Бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, дотоод процесс үйл ажиллагааг байгууллагын стратеги, эрхэм зорилго, хэтийн зорилгын дагуу төлөвлөн зохион байгуулах, сайжруулах.
Бизнес төлөвлөгөө нь дээрх зорилгуудыг нь бүрэн хангаж байвал гайхалтай хэдий ч бодит амьдрал дээр нэлээдгүй их судалгаа шинжилгээ, хөрөнгө хүч зарж хийсэн төлөвлөгөө нь бизнест ямар үр ашиг авчрах нь тодорхой бус, ихэнхдээ үр дүн харагддаггүй тул үйл ажиллагаа бизнесийн урсгалаар явах нь их. Тиймээс бизнес төлөвлөгөөнд захирлууд, эздүүд, хувьцаа эзэмшигчид төдийлөн хайртай биш байдаг. Тэгэхээр асуудал юундаа байна вэ?
Бизнес төлөвлөгөөг хийж буй процесс (үйл явц) талаас нь аваад үзэхэд:
1.    Бизнесийн концепц, зарчим, шинэ санааг компанийн нэг, хоёр хүн (гол нөлөө бүхий) гаргаад бизнес төлөвлөгөө боловсруулах ажлыг стратегийн менежер ч юм уу, эсвэл гаднын нэг зөвлөхөд даатгана.
2.    Даалгаврыг авсан хүн бизнес төлөвлөгөө хийх уламжлалт арга, агуулгаар төлөвлөгөөг боловсруулна. Уламжлалт арга гэдэг маань хэн нэг хүн өөрийн ойлголт, үзэл баримтлалаар менежментийн арга хэрэгслийг ашиглан судалгаа шинжилгээ (орчны, зах зээлийн, өрсөлдөгчийн, бүтээгдэхүүний г.м) хийж боловсруулах тул бусад хүмүүст ойлгомжгүй зүйл их гарна. Бизнес төлөвлөгөө агуулгын хувьд компанийн өнөөгийн байдал, зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг, бренд, хүний нөөц хэсгүүдээр гээд нөгөө л нэг хийж буй хүмүүсийн олж цуглуулсан мэдээлэл, ойлголт дээр үндэслэн голдуу 100 –аас дээш хуудас, хэрэглэгчид яг  ямар үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүнийг ямар байдлаар нийлүүлж үйлчилбэл зохистой байх бизнесийн санааны хамгийн гол шийдлийг үл тусгасан хэрэглэгч болон үйлдвэрлэл, үйлчилгээ нийлүүлэгчийн холбоос, уялдаа холбоог үл харуулсан баримт бичиг гардаг.
Маш их тоо баримт судалгаа шинжилгээ бүхий бизнесийн төлөвлөгөө маань хийж буй хүний ур чадвараас хамааран 1-3 сар болох ба энэ хугацаанд нэлээдгүй зүйл өөрчлөгдөж бизнес төлөвлөгөөнд дэвшүүлсэн санаа, зарчим, зорилтууд үнэ цэнээ алдсан байх нь ч бий. Олон хуудас тул уншихаас залхах, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах, хэрэглэхээ мартах нь ч бий. Бизнес төлөвлөгөө боловсруулах нүсэр ажил болон уншихад ойлгомжгүй үг хэллэгээр бичигдсэн, судалгаа шинжилгээнүүд хэт олдсон зэргээс болж бизнесийнхэн, компанийн удирдах ажилтнууд бизнес төлөвлөгөөг өдөр тутмын ажилдаа хэрэглэхгүй, заримдаа бүр анхнаасаа хийгээд хэрэггүй гэж үздэг.
Саяхан би youtube–с Alex Osterwalder –ийн Business Model сургалтыг үзэж суухад тэрээр хамгийн их борлуулалттай ном болсон Business Model Generation номынхоо тухай ярихдаа “Ямар ч бизнес төлөвлөгөө хэрэглэгчтэй нүүр тулах анхны харилцаа хүртэл амьдардаггүй “ гэж хэлж байхыг сонсоод бизнес төлөвлөгөө нь зөвхөн Монголын компаниудад тулгардаг асуудал биш юм байна гэж бодсон.
Ийнхүү нүсэр байдлаар цаг хугацаа зарцуулж хийсэн бизнес төлөвлөгөө хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчид үнэ цэнэ бий болгох гол асуудлыг тодорхой харуулж чадахгүй тул бизнес төлөвлөгөө батлагдсан ч түүнийгээ эргээд хянах, үр дүнг тооцох, үнэлэх тал дээр бүр хаягдана.
Байгууллагын хөгжлөөрөө эрийн цээнд хүрсэн, бизнес төлөвлөгөө болон стратеги төлөвлөлтийн процессууд нь нарийн тодорхойлогдсон, хийж буй хүмүүс нь менежментийн өндөр ур чадвартай компаниуд бизнес төлөвлөгөөг сайн хийж өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Тийм хэмжээнд хүрэхэд энэ ажлыг тогтмол хийх, тасралтгүй сайжруулах, суралцах шаардлагатай. Бизнес төлөвлөгөө боловсруулалтыг  үр дүнтэй болгоход бизнес загварчлалын аргыг хэрэглэх нь миний олж мэдсэнээр нэг хуудас бизнес төлөвлөгөө юм. Бизнес төлөвлөгөөг нэг хуудсанд багтаахад танд ердөө л дараах хүснэгтийг бөглөхөд хангалттай.






Дээрх зурагт буй 9 нүдэнд таны бизнесийн зарчим бүгд батгана.
Та бизнесийн шинэ санааг хэрэгжүүлэх гэж байна уу, эсвэл одоогийн бизнесээ шинэчлэх, сайжруулах гэж байна уу, аль нь ч байсан энэ 9 нүд бол танд мөнгө хэрхэн бий болгохыг шийдэх болно.
Энэ 9 нүдээ бөглөхдөө та өөрийн удирдлагын багаа оролцуулан бизнесийн санааг олон хувилбараар бүтээлч сэтгэлгээ ашиглан гаргах ба энэ нь манай монгол сэтгэлгээгээр бол монгол дээл хувцас ч болдог, хөнжил ч болдог, цүнх уут сав ч болдог, жорлон ч болдог гэдэг шиг таны бизнес, таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгч, үйлчлүүлэгчид тэдэнд хэрэгтэй, шаардлагатай юуг хийж чадаад тэд таны барааг авахаас өөр аргагүйд хүрэх арга замыг харуулна.
Өнгөрсөн үед бүтээгдэхүүний чанар, технологиор өрсөлдөж байсан бол өнөөдөр компаниуд бизнес загвараар өрсөлдөх болсон байна. Учир нь зөвхөн бүтээгдэхүүн сайн байснаар нь хангалттай бус аж. Жишээлбэл “Монгол мах, ааруул, хурууд хамгийн оригинал экологийн цэвэр бүтээгдэхүүн атал яагаад Шинэ Зеланд Австралийн мах шиг үнэ цэнэтэй бус байгаа вэ?” болон “Манай ямааны ноолуур, хонины ноос нь чанар сайтай бүтээгдэхүүнүүд атал яагаад дорвитой явахгүй импортын акрилен бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх гэж зовж байна вэ?”
Бүтээгдэхүүн, технологи сайн байх нь бизнес амжилттай явах хүчин зүйл мэдээж мөн, гэхдээ хэдий тийм ч сайн яваагүй байгаа бизнесүүд зөндөө. Үүний бодит жишээ нь 1958 онд өдөрт 15-20 цаас канонддог байх үед 2,000 хүртэл хувилах технологи шинээр гарсан ч уг технологи нь 7-8 дахин үнэтэй байсан байна. Тиймээс тухайн үед ямар ч компани уг машиныг худалдан авч дийлэхгүй байсан ба технологийг зохион бүтээгчид менежментийн зөвлөхөд хандахад “Таны хувилах машинд зах зээл алга” гэсэн хариу авчээ. Зөвлөхийн үгэнд ороогүй зохион бүтээгчид бизнесээ явуулах шинэ загвар олсон нь өнөөдрийн Хerox компанийн үндэс суурь болжээ. Тэд компаниудад хувилах машиныг сард 2000 хувь хэвлэх эрхтэйгээр 95$ - оор түрээсэлж, 2000-аас илүү гарсан хувь бүрт 5 цент төлөх санал тавихад машин ихээр борлогдож компаниуд өдөрт 2000 ширхгийг хувилж эхэлсэн байна. Ингэж хувилах машин зарагдсан 2 дахь өдрөөс л мөнгө хийж эхэлсэн байх жишээтэй.
Өөр нэг бизнесийн загварын жишээ бол Google. Каноны бизнесийн хувьд бүтээгдэхүүн хэт үнэтэй байсан бол Google 30 тэрбумаар эргэлдэх бизнесийнх нь бүтээгдэхүүн үнэ төлбөргүй. Хайлтын системийн өвөрмөц шийдлээр үйлчлүүлэгчид мэдээ зараа тавих эрх саналыг аукционоор болгож Google мөнгө хийдэг. Эдгээр жишээнүүд юуг харуулаад байна вэ гэхээр бүтээгдэхүүн, үйлчилгээний инноваци чухал ч, сайн бүтээгдэхүүнийг амжилтад хүргэх гол хүчин зүйл нь бизнесийн тоглоомын дүрэм, бизнес загвар чухал ажээ. Тэгэхээр та бизнес төлөвлөгөө бичихээс өмнө нэг хуудсанд бизнесээ явуулах арга ажиллагаануудыг хүснэгт 1-ээр харуулахдаа нэлээдгүй хувилбарыг багаараа ярилцаж гаргавал үр дүнгүй хийгддэг менежментийн хурлын тоо ч цөөрнө.
Нэг хуудас бизнес төлөвлөгөөний ач холбогдол юу вэ?
1.    Хүн бүр тодорхой бүтэцтэй, системтэй сэтгэснээр ийш тийш үсчихгүй, асуудалд зөв төвлөрч ярилцан ойлголцох боломжтой.
2.    Бизнес загвар гаргахдаа бусдыг дуурайхгүй (Өөрөөр хэлбэл өрсөлдөгч юу хийж байгаа нь тийм чухал биш) хэрэглэгчид төвлөрч тэдний хангагдаагүй хэрэгцээг шийдэх байдлаар санаагаа гаргаж, шийдэл олох нь хамгийн ашигтай.
3.    Сонгосон хувилбараа хэрэгжүүлэхээс өмнө туршиж үзэх хэрэгтэй ба туршилт амжилттай болбол хэрэгжүүлээрэй. Туршилт гэдэг нь мэдээж танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүнд хэрэгтэй юм болсон эсэх, үнээ зөв тогтоож уу, хамгийн сайн хувилбар болж уу гэдгийг олох юм.
 
 
 ​“Бизнес Эскеленс” менежментийн зөвлөх үйлчилгээний компани, зөвлөх​
А.Алтантуяа 2014 7 сарын 8



No comments:

Post a Comment