Thursday, March 19, 2015


Гүйцэтгэлийн Удирдлага

Гүйцэтгэл
Мэдлэг, ур чадвар, зөв хандлага гарган аливаа ажлыг дуусгасан байдлыг гүйцэтгэл гэнэ. Гүйцэтгэл дээр яригдах гол зүйл нь үр дүн байна. Үр дүн байхгүй бол тухайн гүйцэтгэл хэрэгтэй, хэрэггүй нь үнэн асуудалтай юм. Үр дүн нь үр ашиг, үр бүтээмжтэй байдал гэсэн гүйцэтгэлийн 2 хэсгийг мөн харуулна. Үр ашиг гэдэг нь 1000 бууз хийж зарлаа гэж бодоход буузаа чанарыг хэлмэгдүүлэхгүйгээр түүхий эд материал, тог, цахилгаан, цалингийн зэрэг зардлуудаа аль хэр хэмнэлттэй хийж чадсан болон тогооч, туслах гээд хүн цагийг  аль хэр үр ашигтай буюу 1 буузыг ямар хугацаа, зардалтай хийгээд байгааг илэрхийлдэг бол үр бүтээмжит байдал гэдэг нь хийсэн 1000 буузыг хэрэглэгчид аваад мөнгөө өгсөн үү, дахиж авах хүсэл төртөл хийсэн үү гэдэгтээ хамааралтай. Тэгэхээр гүйцэтгэл хэзээ сайн гүйцэтгэл гэж хэлэгдэх вэ гэхээр үр ашиг, бүтээмжит байдал хоёул байх аваас юм.
Манай компаниуд дээр ихээхэн гардаг нийтлэг алдаа бол ажил хийсэн л бол болоо, үр дүн нь юу байсан бэ гэдгийг тооцдоггүй, өөрөөр хэлбэл би өглөө 9-д ирсэн орой 6 д явна, зөндөө ажил хийсэн, цалин авна л гэж бодохоос  тэр хийсэн ажил даалгаврууд дараагийн хэрэглэгчдээ хэрэгтэй юм болж очсон уу, 6 мин-д хийх ажлыг 2 цаг хийсэн үү, буруу хийгээд дахиж хийсэн үү, гологдол гаргасан уу, алдагдалд оруулсан уу зэргийг нарийн тооцохгүйгээс дарга нь ч тэр ажилтан нь ч тэр үр дүнд чиглэсэн гүйцэтгэлийг хайхардаггүй.
Сайн гүйцэтгэл нь зөвхөн нэг тухайн зүйлийг сайн хийх мэдлэг туршлагыг эзэмшсэнээр, мэдсэнээр биш хамгийн сайнаар хийх хандлагатай байж ажил дээрээ хийсэнээр гарна. Сайн гүйцэтгэл гарахын угтвар нөхцөл нь мэдлэг, чадвар, зөв хандлага, мөн тухайн ажлыг ямар үр дүн гарган хийх вэ гэдэг дээр зөв ойлголцсон, тохиролцсон байх юм.

Байгууллагын гүйцэтгэл       
Байгууллагын эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйлс тодорхойлсоны үндсэн дээр стратеги зорилтууд гарах ба стратеги зорилтууд нь байгууллагын хэтийн зорилгыг гүйцэлдүүлэх сонгож авсан багц шийдэл юм. Байгууллагын гүйцэтгэлийг санхүүгийн тайлан балансаар эсвэл үйлдвэрлэл, борлуулалтын гүйцэтгэл  (тухайн жил хэдэн ширхэг бүтээгдхүүн үйлдвэрлэн зарах) төдийхнөөр ойлгох нь түгээмэл байдаг. Энэ хэдээр ойлгоод явахын хамгийн багадаа 3 учир дутагдал байна. 

1.  Хэтийн зорилго, эрхэм зорилгод хүрэхэд аль хэр сайн ажилласан үр дүнг ойлгоход хэцүү. Жишээ нь: Бууз үйлдвэрлэгч маань “Хэрэглэгч хамгийн түрүүнд сонгодог бууз үйлдвэрлэгч байна” гэдэг 3 жилээр томёологдсон Хэтийн зорилготой гэж бодвол 10%-ийн хөрөнгө оруулалтын өгөөжтэй, 21%-ийн ашигтай, 1 салбар нэмэгдсэн, орлогын төлөвлөгөө 112 % биелсэн, зардал 13% өссөн, нийт 48 хүн ажилласан зэрэг тоон мэдээллүүд “хүн бүхэн сонгож байдаг бууз үйлдвэрлэгч” болчих зорилтод аль хэр ойртсоныг харуулж чадахгүй юм. Эдгээр нь зүгээр нэг статистик тоон мэдээллүүд болно.
2. Стратегийн арга хэмжээнүүд (стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд) аль хэр үр дүнгээ өгснийг ойлгох боломжгүй, Жишээ нь:  “Хэрэглэгч хамгийн түрүүнд сонгодог бууз үйлдвэрлэгч байна” гэсэн 3 жилийн хэтийн зорилгыг хэрэгжүүлэхэд дараахь 5 стратегийн зорилтыг дэвшүүлсэн гэж бодъё: Үүнд:
1.       Чанарын шаардлага хангасан түүхий эд материал ашиглах
2.       Бараагаа худалдааны төвүүдэд тасалдахгүй байлгах
3.       Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэх
1-р зорилтоо хэрэгжүүлэхийн тулд түүхий эд материалын чанарын стандартыг шинэчлэх, бэлтгэн нийлүүлэгч нарын сонгон шалгаруулалтыг сайжруулах гэсэн энэ 2 арга хэмжээнд 10 сая төгрөг зарцуулсан, энэ 2 арга хэмжээний үр дүнг тооцохдоо жишээлбэл сар бүр нийт хэдэн төрлийн ямар ямар бүтээгдхүүн авснаас хэд нь чанарын шаардлага хангаагүй байсан бэ гэдгийг л мөшгин анализ хийхгүй бол 1-р зорилтын хэрэгжилт ямар байгаа нь тайлан баланс,  эсвэл үйлдвэрлэл, борлуулалтын төлөвлөгөө, гүйцэтгэлээс харагдахгүй юм. 
3. Байгууллагын төвшинд ямар гүйцэтгэлийг эхний ээлжинд сайжруулбал зохихыг ойлгоход хүндрэлтэй, байгууллагаа мэдлэгээр удирдах буюу стратегийн шийдвэрүүдийг оновчтой гаргах боломжгүй. Нэг зэрэг бүх зүйлийг сайжруулах боломж хомс байдаг, мөн хэтийн зорилго, эрхэм зорилгодоо хүрэхэд тухайн улирал, хагас жил, жилд юугаа сайжруулах вэ гэдгийг шууд олж тогтоох нь амаргүй байдаг. Хүнээр бол хорт хавдартай ч ямар нэгэн зовиургүй тул мэдэхгүй яваад байдагтай адил юм. Буузны жишээгээ авахад  “хэрэглэгч хамгийн түрүүнд сонгодог бууз үйлдвэрлэгч” болоход дээрх 3 стратеги аль хэр үр дүнгээ өгч байгаагаа мэдээд эхэлбэл бид сайжруулалтыг худалдааны төвүүдийн худалдагч нарт сургалт хийх үү, буузны амт чанар сайжруулах уу, нэр төрлийг эсвэл сав баглааг өөрчлөх үү, эсвэл үнээ өөрчлөх үү, шинэ тоног төхөөрөмж авах уу гэх мэт хүчээ юундаа тавих, мөнгөө юундаа зарахаа, аль арга хэмжээ хамгийн зөв болохыг шийдэх боломжтой болно. Энэ нь дээрх 3 стратегиар гүйцэтгэлийг байнга хэмжиж (дата цуглуулж) анализ хийсний үр дүнд бий болно.
Тэгэхээр байгууллагын гүйцэтгэл буюу Гүйцэтгэх захирлын гүйцэтгэл нь байгуулагын хэтийн зорилго, зорилтуудын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн стратегиудын үр дүнгээр хэмжигдэнэ.   

Процессын гүйцэтгэл
Стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол процессуудын хувьд ямар үр дүн хүлээгдэж байгааг тодорхойлж процессын сайжруулалтуудыг хийнэ, процессын гүйцэтгэлийг хэмжинэ. Жишээ нь бууз үйлдвэрлэгчийн хувьд “Бараагаа худалдааны төвүүдэд тасалдахгүй байлгах” гэдэг зорилтын хүрээнд 2 гол процессыг сайжруулж болно.  Үүнд:
-          Мэдээлэл солилцоо, боловсруулалт
-          Түгээлтийн процесс
Тэгэхээр эдгээр процесуудаар одоогийн байдлыг тодорхойлон процессын хэмжилтийг хийн сайжруулах арга хэмжээнүүдийг авч байгаа нь процессын гүйцэтгэлээ хянаж байгаа болно.

Үйл ажиллагааны гүйцэтгэл
ээр дурдагдсан стратегийн болон процессын зорилтуудаас хамаарах хэлтэс нэгжийн үйл ажиллагааны зорилтууд салбарлан гарна. Шаардлагатай тохиолдолд хэлтэс нэгжүүдээс төлөөлөл бүхий холимог багууд ч байгуулагдан зарим зорилтуудыг хэрэгжүүлдэг. Бууз үйлдвэрлэгчийн жишээний хувьд “Мэдээлэл солилцоо боловсруулалт” процессын хувьд  
-          Барааны үлдэгдлийг шууд харах гар утаснаас холбогддог МТ-ийн шийдэл тасралтгүй ажиллагаа
-          Хадгалах хугацаа дууссан бүтээгдхүүний үнэ бууруулах, акталсны өртгийг хянах
-          Худалдааны төвүүдээс ирсэн гомдлыг бууруулах гэх мэт ажлууд үйл ажиллагааны төвшинд байх жишээтэй.
Эргээд эдгээр зорилтууд нь бүгд тасралтгүй сайжруулалтыг нь хийх боломжтой байдлаар гүйцэтгэлийг нь үнэлэх юм.

Хувь хүний гүйцэтгэл
Хувь хүний гүйцэтгэлийг дүгнэх ажил нь ихэд маргаантай, үзэмжээр голдуу болчоод байдаг нь  дээрх 4 түвшний зорилтуудын үр дүнтэй уялдаж чаддаггүй, мөн байнга хувьсан өөрчлөгдөж байдаг нөхцөл байдалтай уялдуулан шалгуурыг хурдан өөрчилж чадахгүй байхтай холбоотой хүндрэлүүд үүсдэг.
Байгууллагын, процессын гүйцэтгэлээ ойлгомжой харж чадахгүйгээс хувь хүн сайн ажилласан ч, хангалтгүй ажилласан ч тэр нь стратегийн зорилтуудад ямар хувь нэмэр оруулаад байгааг мөн харах боломжгүй тул хувь хүний гүйцэтгэлийг дүгнэхэд гаргасан хүчин чармайлтын үр дүн оргүй хоосон юм болж ихэнхдээ хүндээ ч, байгуулагадаа ч сэтгэл ханамжгүй байдлыг үүсгэх нь их. Мөн хувь хүний ажлын гүйцэтгэлийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг оновчгүй гаргаснаар  өөрөөр хэлбэл гүйцэтгэлээ цаашид сайжруулах ямар ч боломжгүй тул тухайн хүн санал санаачлага сайжруулалт хийх ямар ч сэтгэлгүй ажиллана гэсэн үг.
Жишээлбэл зөөгчийн ажлыг цаг ашиглалт,  үйлчлүүлэгчдээс ирсэн гомдол, хариуцсан хэсгийн эмх цэгцтэй байдал, үүрэг даалгаварын биелэлт, төлбөр тооцооны нийлэлт 5 үзүүлэлтээр дүгнэлээ гэж бодоход мөн эдгээрийг дүгнэж буй хүн 1-5 баллаар оноо тавих байдлаар дүгнэвэл энэ бол зөөгч цагаа л бүртгүүлчээд гомдол гарвал аргалчаад гэж бодохоос ихээхэн гараад байдаг жишээ нь үйлчлүүлэгчийг хүлээлгэдэг процессыг яаж хурдан болгох вэ, захиалга авах дээр гардаг алдааг яаж бууруулах вэ, хариуцсан ширээнүүдээ бэлдэх хугацааг яаж бууруулах вэ зэргүүд рүү толгой нь ажиллахгүй, ажиллах ч боломжгүй юм. Хэзээ харин сайжруулалт хийдэг болох вэ гэвэл тухайн хүний ажлыг дээрх 4 түвшний гүйцэтгэлийн үр дүнтэй холбоотой үр дүнг (үр ашигтай болон үр бүтээмжит байдал) тодорхойлон хэмжиж,  хийсэн сайжруулалтуудаар урамшуулах, ажил дээрээсээ суралцах сайжрах боломжийг гаргах байдлаар дүгнэх нь чухал юм. Жишээлбэл зөөгчийн ажлын үр дүнг доорх Зурагт үзүүлсэнээр тодорхойлоод

  
 


Зурагт үзүүлсэн шалгууруудаар бодит дата цуглуулан зөөгчийн ажлыг үнэлэхэд тухайн хүн гүйцэтгэлээ сайжруулах гол зүйлүүдээ хараад явчих боломжтой, 


 



No comments:

Post a Comment