Менежерээр ажиллах нь
ЗХУ-д дээд боловсрол эзэмшээд ажлын гараагаа эхэлж байх
үед менежерээр ажиллах тухай мэддэг ч үгүй, боддог ч үгүй байж. 90-ээд оны эхэн
үед тийм орон тоо байгаагүйтэй холбоотой л доо. 5 жил компьютерийн техникчээр
ажилласны дараа гадаадын хөрөнгө оруулалттай компанид захирлын туслах
гэдэг урьд хожид дуулаагүй албан тушаалд
ажиллаж эхэлснээр менежер болох зам мөр маань тавигдаж байсан байна. Гүйцэтгэх
захирал маань дээд түвшний менежер тул надад менежер хүнтэй өдөр тутам ажиллаж
суралцах алтан боломж олдсон байж л дээ. Миний хувьд тухайн ажлыг хийх хүсэл
зориг нь зах зээлийн шинэ нөхцөл байдалд социализмын үеийн менежмент явахгүй
тул барууны менежментэд суралцья, гайхалтай байх гэдэг шийдэл байсан юм.
10 жил хэлтэс, нэгжийн даргаас эхлэн дэд захирал хүртэл
банк, зочид буудал, үйлдвэрлэлийн салбарт ажиллахад менежер хүний ажил олон
талтай, үргэлжид ямар нэгэн асуудлыг шийдэж байдгийг нүдээр үзэж, биеэр туулсан
билээ. Байгууллага, компанид яагаад асуудлууд, хүндрэлүүд гарч байдаг, яагаад
менежер хүн үргэлж ямар нэгэн юманд сэтгэл нь зовж ёстой л байдаг юм бол,
үүнээс гарах арга зам юу вэ гэж байнга боддог байсан маань намайг өнөөдрийн
цэгт аваачсан гэж боддог. Энэ асуултын хариуг би хайсаар байгаа агаад энэхүү
сонирхолтой аялалын богц өчүүхэн жаахан олж мэдсэн, сонссон дуулсан зүйлс,
эргэцүүлэл бодлыг хэн нэгэнд хэрэгтэй байж магад гэж найдан хуваалцахыг зориглосон
юм.
Менежерийн ажлын онцлог
-
Өөрт
ноогдсон ажлыг хүмүүсийг удирдан, зохион байгуулж хийлгүүлнэ.
-
Байгаа
нөөц (хүн, машин, тоног төхөөрөмж, түүхий эд материал, цаг,
мөнгө) -г зохистой ашиглаж ажлыг чанартай, үр
бүтээмж, үр дүнтэй гүйцэтгэнэ.
-
Урьдчилан
тааварлаагүй, гэнэт үүссэн асуудлыг ажил тасалдуулахгүй яаж ийгээд шийдэх
ёстой, (жишээ нь: нэг хүн нь өвдөх, ажлаас гарах, гол хэрэглэгч
гэрээгээ цуцлахаар шийдэх, үйлдвэрлэлийн осол гарах гэх мэт)
-
Дээд,
доод гээд бүх түвшинд болон ижил түвшний менежерүүд, хүмүүстэй харилцаж,бэлтгэн
нийлүүлэгч, харилцагчтай ажиллана.
-
Хувь
хүний асуудлыг шийднэ.
Менежерийг сонгохдоо тухайн хэлтэс нэгжийн үйл ажиллагааг
хамгийн сайн мэдэх техникийн ур чадвартай, боловсролтой нэгнийг (жишээ нь: үйлдвэрийн дарга гэхэд хамгийн сайн инженерийг
томилох) эс бөгөөс манлайлах, удирдан зохион байгуулах авьяастай,
яриа хөөрөө сайтай, санаачлагатай, идэвхтэй
ч юм шиг нэгнийг сонгох нь элбэг.
Сайн мэс засалч мэс заслаа л хийх нь зөв бөгөөд тэр
хүнээр эмнэлэг удирдуулах нь үр дүн муутай гэдгийг бид их ярьдаг болсон.
Тэгэхээр менежер гэж ямар ур чадвартай ямар хүн болж таарах нь вэ? Техникийн ур
чадвар хангалттай бол сайн мэс засалч маань эмнэлэгийн сайн дарга л байх ёстой
байсан. Тэгэхээр зоосны ар өвөр болох техникийн ур чадвар, удирдахуйн ухааны ур
чадвар хоёул байх аваас өөрийн хариуцсан хэсэг, нэгж, газар, хэлтэс үйл
ажиллагааны чадварлаг сайн менежер болно. Удирдахуйн ухааны ур чадварууд
·
Хүнээ
сургах хөгжүүлэх, дасгалжуулах
·
Хүнээ
идэвхжүүлэх, урамшуулах
·
Харилцаа
( сонсох, бичих, ярих, илтгэх)
·
Асуудлыг
шийдвэрлэх, шийдвэр гаргах
·
Нөхцөл
байдалд тааруулан удирдах
·
Манлайлах
·
Бүтээлч
сэтгэх
·
Багаар
ажиллах гэх мэт
Менежер хүн үр дүнтэй, сайн ажиллахад Зураг 1-т үзүүлсэн 7 шинж чанарыг агуулсан байх
шаардлагатай. (эх
үүсвэр: Хенри Минцберг. Managing)
Зураг 1. Үр дүнтэй менежерийн
шинж чанарууд
Минцбергийн арваад жил 29 менежер дээр хийсэн
судалгаанаас олдсон сонирхолтой зүйл нь менежер хүн эрч хүчтэй (залхуу хүн хэзээ ч менежер болохгүй) аливаа зүйлийг сайтар эргэцүүлэн тунгаадаг, шийдвэр гаргахдаа
баримт нотолгоо дээр үндэслэдэг, амьдралын ухаан, гүйлгээ ухаан сайтай, аливаа
асуудлыг урьдчилан харж сэргийлэх арга хэмжээг тооцоолж чаддаг, бусадтай сайн хамтардаг,
бүх зүйлийн уялдааг хардаг, нэгтгэгч гэдгийг олж тогтоожээ.
Тэгэхээр сайн ерөнхий инженер, санхүүч, IT
инженер, эмч, тогооч, гарамгай борлуулагч нар нь сайн
менежер болох албагүй нь менежерийн ажил үр дүнтэй явахад шаардлагатай дээр
дурдсан чадвар болон шинж чанарууд тухайн хүнд байна уу гэдэгтэй холбоотой.
Менежерээр ажиллаж байсан он жилүүдээ эргэн харж, гаргаж байсан алдаанууддаа
дүгнэлт хийхэд ихэнх алдаанууд менежер хүнд байх ёстой ур чадварын сургалт аваагүйтэй холбоотой
байсан. Мэдээж хэрэг менежер хүн ажил дээрээ өөрийгөө хөгжүүлж болж өгвөл
гарамгай удирдлагын дор ажиллаж суралцвал хамгийн аз завшаантай ч удирдахуйн ухааны ур чадваруудыг менежментийн
богино хугацааны сургалтуудаас авдаг. Би жишээлбэл багаар ажиллах, баг
бүрдүүлэх сэдвийг судалж, сургалтын материалууд уншиж байж багаар ажиллахдаа
гаргадаг алдаануудынхаа учрыг ойлгож эхэлсэн гэх мэт.
Техникийн болон удирдахуйн ур чадваруудыг сурч боловсорч
авах бол гүйлгээ ухаантай байх, эргэцүүлэн тунгаах, бүгдийг цогцоор харах гэх
мэт шинж чанаруудыг амьдралаас сурах ба өөрөө өөртэйгээ зогсолтгүй ажилласнаар
бий болно. Тийм ч учраас өнөөдөр өндөр мэдлэг, боловсролгүй атлаа (10
жил дөнгөн данган төгссөн) яагаад хоёр гурван сургууль төгсөж хоёр,
гурван хэлээр ярьдөг хүнээс илүү менежер болоод олон хүн ажиллуулж, удирдаж
болоод байгаа вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ маань менежер хүний ажлын
онцлог болох хүнийг ойлгох, амьдралыг ойлгох, тэвчээр зоригтой байх, шантрахгүй
байх, юмны арга эвийг олох эргэцүүлэн тунгаах, алдаа оноогоо шинжлэх, бусдыг
хөдөлгөх авьяас зэрэг чадварууд ямар чухлыг харуулна.
Х.Минцбергийн олж тогтоосноор амжилттай удирдахуй нь
урлаг, урлал, шинжлэх ухаан гэсэн гурван талтай ба менежер хүн энэ гурвыг
хослуулж байж сая үр дүнтэй ажиллана. Зураг 2. Удирдлагын хэв
маягуудыг урлаг, шинжлэх ухаан, урлал талаас авч үзэх нь (эх үүсвэр: Хенри Минцберг. Managing)
Менежерийн ажлын урлаг тал зөн билэг, дотоод мэдрэмжээ
ашиглан, шинэ санаа гаргах, ажлаа үнэн сэтгэлээсээ хийх, боломжууд хязгааргүй гэх
хандлага байдаг бол шинжлэх ухаан тал бол тоо, баримт, факт, дүн шинжилгээ дээр
үндэслэх, үр дүнг тодорхойлох, үнэлэх, мэдээлэх, ажлыг зохион байгуулах зэрэг
ажээ.
Урлал тал нь ажлыг бодитоор хийх, үйл явц процесст
тулгуурлах, сурах, туршлага хуримтлуулах, бусдыг оролцуулах, хамтарч хийх зэрэг
байна. Хэт шинжлэх ухаанч менежер аливаа юмыг хэтэрхий тооцоолж нягтлах гээд
байдаг бол урлаг тал нь давамгайлсан менежер өөрийн хүссэнээр л хийхийг урьдал
болгон хэт хувиа хичээсэн болох гээд байдаг. Урлал тал давамгайлах аваас ажил залхмаар
болно. Тэр ч бүү хэл энэ гурвын хоёр нь л байхад бас асуудалтай. Шинжлэх ухааны
нарийн судалгаагүй урлаг, урлал нь зохион байгуулалтгүй менежментийг бий
болгодог бол урлалын туршлага дээр суурилаагүй урлаг болон шинжлэх ухаан нь
холбоо хэлхээгүй менежментийг бий болгоно. Зөн билэг, алсын хараагүй, үнэн сэтгэлээсээ
биш (урлаггүй) урлал болон шинжлэх ухаан нь сайн төлөвлөн тооцоолсон,
холбоос сайтай ч баяр баясгалан, цог хийморь, хүсэл тэмүүлэлгүй байна.
Менежер хүний ажил яагаад адармаатай байдаг юм бэ гэдэг
асуултанд хариулах аяны богцноос өм цөм, хэлхээ холбоос муутай өчүүхэн жаахан
эргэцүүлэлийг ийнхүү та бүхэнд зориглон танилцуулахдаа манай гайхамшигт өвөг
дээдсийн сургадаг “ Санаа сайтын заяа сайн” гэдэгт менежерийн ажил багцлагдах
юм шиг санагдана.
Бизнес Экселенс Компаний менежментийн зөвлөх
А.Алтантуяа
2014 08 01
This comment has been removed by the author.
ReplyDelete